Олимпын гүүрний нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын гүүрний нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна

/2022.10.14/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн хэмжээнд хийж байгаа зарим бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төсөл хэрэгжүүлж буй талбарт ажиллалаа. Тодруулбал, Хотын дарга Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарц, Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэл болон Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэл шинээр тавих авто замын бүрдэл хэсгийн ажлын явцыг үзэж, гүйцэтгэгч байгууллагынхны санал, бодлыг сонссон юм.

Олимпын гүүрний нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, үндсэн ажил дууссан бөгөөд Улсын комисс өнөөдөр хүлээн авч байна. Тус гүүрний явган хүний замын гадаргуу нь халтиргаа гулгаа үүсэхгүй, 15 метр тутамд тэргэнцэр болон дугуйт хэрэгсэлтэй иргэд амрах боломжтой хэсэгтэй юм. Одоо гэрэлтүүлэг, тохижилтын ажил үргэлжилж байна гэсэн мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд өглөө. Хотын дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлж, Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарцыг бүрэн камержуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 19-нд Засгийн газрын тогтоол гарч, нийслэл Улаанбаатар хотын улсын төсөв рүү төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт хэлбэрээр бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон. Энэ хүрээнд олон ажил хэрэгжүүлж буй. Нийт 36 багц асуудлын хүрээнд түгжрэлийг бууруулах үндсэн ажлууд хийж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэл гол ажлуудын нэгт орох нь зайлшгүй.

Түүнчлэн гүүрэн байгууламж, замын өргөтгөл, уулзварын инженерчлэл, олон түвшний огтлолцолтой замын ажлуудыг Улаанбаатар хотод хийх шаардлагатай. Олимпын гүүрний явган замыг нээж, Улсын комисс хүлээн авлаа. Тухайн хороонд амьдарч байгаа иргэдийн аюулгүй зорчих гарцуудыг эхнээс нь шийдэж, явган хүний замын гүүрэн гарцыг олон улсын стандартад нийцүүлж бүтээн байгуулсан. Дараагийн онцлох ажил нь Зайсангийн гүүрийг шинэчлэх ажил юм.

Тус гүүр нь 1967 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш энэхүү гүүртэй холбоотой томоохон шинэчлэлийг хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Мөн Богд уулын замыг давхар өргөтгөх ажлыг хийнэ. Энэ мэт шинэчлэх, өргөтгөх хотын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. Дараагийн чухал асуудал бол Яармагийн түгжрэл. Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах хамгийн гол хүчин зүйл нь Улаанбаатар хотын хамгийн урт буюу 480 метр урттай гүүрэн байгууламж юм" гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багш, ажилчдыг бэлтгэх шаардлагатай
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багш, ажилчдыг бэлтгэх шаардлагатай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.