/2022.10.14/: Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг "Эерэг хандлага-Эрүүл оюутан" уриатайгаар өнөөдрөөс эхлүүллээ.
Оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг 2018 оноос хойш Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан "Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай" тушаалын дагуу жил бүр тогтмол зохион байгуулж, аяны хүрээнд оюутны эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн олон арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.
“Эерэг хандлага–Эрүүл оюутан” уриатайгаар оюутны эрүүл мэндийг дэмжих сарын үйл ажиллагааг НҮБ-ын Хүн амын сангийн санхүү, техникийн дэмжлэг туслалцаатайгаар оюутан, суралцагчдад эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулах юм.
Үүний зэрэгцээ оюутан суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж, оюутан, суралцагчдын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн шалтгааныг тодруулан, дүн шинжилгээ хийх юм.
Мөн аяны хүрээнд оюутан суралцагчдын дунд “Нөхөн үржихүй- Гэр бүл төлөвлөлт”, “БЗДХ- Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Архи, тамхины хор уршиг”, “Эрүүл зөв хооллолт”, “Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд”, “Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сэдвүүдээр эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, нөлөөллийн үйл ажиллагаануудыг үе шаттайгаар зохион байгуулна хэмээн ЭМЯ мэдээллээ.
Энэ хичээлийн жилд 147,393 оюутан суралцаж байгааг салбарын сайд мэдээлж байв.