/2022.10.06/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Дотоодын ААН-үүд мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг манай арилжааны банкууд гаргаж чадахгүй байна. Тиймээс Хөгжлийн банкийг байгуулсан. Гэтэл өнөөдөр энэ банк ямар байдалтай байгааг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр гадны томоохон банкуудыг оруулж ирэх боломж байгаа юу. 2023 оны төлөвлөгөөнд үүнтэй холбоотой ямар үйл ажиллагаа хийгдэх вэ?
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Одоогоор Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төслүүдийг дандаа дотоодоосоо санхүүжүүлж байгаа. Арилжааны банк, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжиж байна. Ингэхээр төлбөрийн тэнцэл, худалдааны тэнцэл, нөөцөд дарамт учруулж байна. Учир нь мөнгө орж ирэхгүй, оронд нь бартер маягийн бараа орж ирээд байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ нь томроод, экспортын мөнгө нь бэлнээр орж ирэхгүй байна Манай улс томоохон бүтээн байгуулалтуудаа санхүүжүүлэх чадамжгүй болчихсон. Өнөөдөр үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдал ч мөн үүтэй холбоотой гэж Төв банкны зүгээс харж байгаа.
Гаднаас хөрөнгө оруулж ирэхээс гадна гадны арилжааны банкууд манайд ирээд үйл ажиллагаа явуулах боломжтой. Энэ нь Банкны тухай хуулиар нээлттэй. Өнөөдрийн байдлаар манайд 12 дотоодын банк үйл ажиллагаа явуулж байгаа. Гадны банк нэг ч байхгүй. Хэрэв гаднаас банк орж ирвэл өрсөлдөөн бий болох давуу талтай. Өмнө нь бас ганц, хоёр банк манайд орж ирж байсан туршлагатай. Төв банкны зүгээс гадны банк оруулж ирэхгүй гээд хориг тавиад байгаа зүйл байхгүй. Хамгийн гол нь одоогоор манайд үйл ажиллагаа явуулах хүсэлт тавиагүй байна гэлээ.