/2022.10.05/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрээр:
-Өнгөрсөн 1 сарын хугацаанд Хөгжлийн банканд 140 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Энэ бол бага тоо биш. Үндсэндээ нэгдүгээр сараас хойш нийт 800 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Тиймээс 2023 онд төлөх хоёр бондын эрсдэл буурч байна гэсэн үг юм.
Одоо бид Хөтөлийн цементийн үйлдвэр болон Эрэл компанийн өрийг төлүүлэх чиглэлд нэлээд хүч тавьж ажиллаж байна. Энэ ажилд хүчний байгууллагууд, АТГ хамтарч ажиллаж байгаа. Эрэл компанийн өрийг төлүүлэх чиглэлд албадлагын арга хэмжээ авах, өмчийг нь хураах болон хууль хүчний байгууллагуудтай хамтарсан ажлууд хийгдэнэ. "Хөтөл цемент" компани үйл ажиллагаа явуулж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компани өөрийн дотоод үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүгийн өндөр ачаалалтай явж байна. Энэ дундуураа зээлээ төлөхөд үйл ажиллагаа нь доголдох, зогсох эрсдэлтэй байгаа учраас Төрийн өмчийн зохицуулалтын газартай хамтраад, Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарч ойрын хугацаанд барагдуулахаар ажиллана. Ойрын хугацаанд үр дүнд хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Одоогоор 800 тэрбум төгрөг төлөгдсөн байгаа энэ мөнгөн дүнг жилийн эцэс гэхэд 1 их наяд төгрөгт хүргэх зорилт тавьж байна гэв.