/2022.09.23/: Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яамтай хамтран Канадын Алтны бичил уурхайн зөвлөл гүйцэтгэж буй “planetGOLD Монгол-Филиппин: Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр, олборлогчоос цэвэршүүлэгч рүү” төслийн Бүсийн удирдах хорооны хурал 2022 оны есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Филиппин Улсын Манила хотод болж байна.
Тус бүсийн хуралд Филиппин Улсыг төлөөлж Байгаль орчин, байгалийн нөөцийн яамны дэд сайд Жонас Леонес тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй бөгөөд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж ахлан БОАЖЯ, УУХҮЯ, Монголбанк болон МБУНДХ эзрэг байгууллагууд оролцож байна.
Түүнчлэн төслийн санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагууд болох Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөр, Алтны бичил уурхайн зөвлөл тус тус оролцож илтгэл тавилаа.
Хурлаар planetGOLD төслийн тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, төслийн дунд шатны үнэлгээний тайлан болон цаашид авч хэрэгжүүлэх зөвлөмжийг хэлэлцэж, шийдвэр гаргах юм.
Мөнгөн усны Минаматагийн Конвенцод нэгдэн орсон орны хувьд Монгол Улс мөнгөн усны хэрэглээг бууруулах үүрэг хүлээсэн бөгөөд үүний хүрээнд planetGOLD төсөл хэрэгжиж байна.
planetGOLD төсөл нь алтны бичил уурхай дахь мөнгөн усны далд хэрэглээг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд мөнгөн усны ялгарлаас үүдэлтэй үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Бичил уурхайг зохицуулах нь хууль бус олборлолттой тэмцэх, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: БОАЖЯ