APPLE EVENT2022: Цоо шинэ IPhone энэ баасан гарагаас худалдаанд гарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

APPLE EVENT2022: Цоо шинэ IPhone энэ баасан гарагаас худалдаанд гарна

/2022.9.8/ Хэдэн сар дамнан, ам дамжин яригдсаны эцэст бид сая л нэг юм Apple-ийн шинэ төхөөрөмжүүдийг нүдээр үзэх боломж гарлаа.

Урьд шөнө болсон Apple компанийн 90 минутын танилцуулгыг уламжлал ёсоор компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк нээж, шинэ бүтээгдэхүүнүүдээ олны хүртээл болгов.

Энэ удаа танилцуулагдсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг тоочвол:

Шинэ iPhone 14 загваруудын захиалга Баасан гарагт нээгдэх бол ухаалаг цагны захиалга өнөөдрөөс нээгдэж, харин AirPods Pro чихэвч 9-р сарын 23-наас худалдаанд гарах ажээ. Олонх мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан, энэ удаад iPhone 14 загварын үнэ нь өмнөх загвараасаа нэмэгдээгүй байна.

Энэ жилийн танилцуулгаас харахад Apple ухаалаг төхөөрөмжүүдийнхээ нэмэлт боломжуудыг илүү их өртгөтгөж өгчээ. Тухайлбал, шинэ iPhone болон Apple Watch төхөөрөмжүүд нь авто замын осол мэдрэгчтэй болж, хиймэл дагуулын холбоо ашиглан, түргэн тусламж өөрөө дуудах чадвартай болжээ.

Мөн iPhone 14 загварын гурван утас нь шинэ chipset-ээр тоноглогдож, бүх шинэ утаснуудын камерын хүчин чадал нэмэгдсэн, Apple Watch нь температур мэдрэгч, батарейн хэмнэлтийн горимтой болж, AirPods шинэ загварын дууны гаралт сайжирсан зэрэг өөрчлөлтүүд одоогоор лавтай мэдэгдэж байна.

Энэ жилийн танилцуулгын нэг онцлог нь мэргэжлийн тамирчид, адал явдалд дурлагсад, хүнд экстрим нөхцөлд ажиллаж, дасгал сургуулилт хийдэг хүмүүст зориулсан Apple Watch Ultra хэмээх цоо шинэ ухаалаг цагны загвар байв. Мэдээж хэрэг, нэрнээс үзэхэд энгийн цаганд байхгүй олон нэмэлт боломжуудыг агуулсан нь илт бөгөөд түүндээ ч тохирсон үнийн дүнтэй гарч байгаа юм.

Ингээд шинэ төхөөрөмжүүдийн онцлогоос танилцуулбал:

iPhone 14: Шинэ загварын хувьд өмнөх iPhone 13 загвар дээр нэмэгдсэн гойд сүрхий өөрчлөлт байхгүй, мөн хуучин загвартайгаа адил $799 үнээр зарагдах нь. A15 system-on-chip (SoC) процессортой, бөгөөд 5 цөм бүхий графикийн процессор нэмж суулгасан нь iPhone 13-с сайжирсан нэг үзүүлэлт юм.

Гол камер нь урьдынхтай адил 12 мегапиксель нягтралтай ч, өмнөх загвартай харьцуулахад гэрэл муутай орчинд зураг дүрс мэдрэх мэдрэгч нь сайжирсан ажээ.

iPhone 14 Plus: Энэ загварыг iPhone 14-ийн илүү томсгосон хувилбар, эсхүл, iPhone 14 Pro Max-ын илүү хямдхан хувилбар гэж тодорхойлоход нэг их буруутахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, iPhone 14-с илүү том буюу 6,7 инчийн дэлгэц, батарейн багтаамж нэмэгдсэнээс бусад бүх үзүүлэлтээрээ ижилхэн гэсэн үг.

iPhone 14 Pro ба iPhone 14 Pro Max: Apple Event-ийн хамгийн том гэнэтийн бэлгүүдийн нэг нь Pro болон Pro Max загваруудын үнэ хүмүүсийн төсөөлж байсан шиг зуу зуун доллараар нэмэгдээгүй, $999 болон $1,099 байсан явдал байлаа. 4 нанометрийн A16 Bionic Chipset, 48 мегапикселийн гол камераар тоноглогдсон загваруудын хувьд ийм үнэтэй байгаа нь яах аргагүй сюрприз байсан гэж хэлж болно. Дэлгэцийн дээд хэсэгт байсан зууван ирмэг алга болж, Dynamic Island нэртэй мэдэгдэл, хөдөлгөөнт дүрс гаргах талбараар солигджээ.

Apple Watch 8: Хувьсгал хийхгүйгээр хувьсал хийнэ гэсэн зорилго тавьж шинэчилсэн энэхүү шинэ ухаалаг утас нь 399 ам.доллараас эхлэн үнэлэгдэх бөгөөд энэ нь GPS-only загварын үнэ юм. Шинэ загварт шингээсэн өөрчлөлтүүд гэвэл температур мэдрэгч, батарей хэмнэлтийн горим, мөн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн төлөвлөлтөнд зориулсан нэмэлт функц зэрэг юм.

Apple Watch SE (2022): iPhone SE дээр ашигласан, хямд үнэтэй, дундаж хүчин чадалтай төхөөрөмжүүд дээр ашигладаг SE өргөтгөлөө Apple энэ удаад ухаалаг цаган дээрээ ийнхүү ашиглажээ. Apple Watch 8-д суулгасан ослын мэдрэгч, батарей хэмнэлтийн горимыг мөн агуулсан энэхүү хямд загвар нь 249 ам.доллараас эхлэн зарагдах юм.

Apple Watch Ultra: Технологи сонирхогчид, Apple-ын хорхойтнууд энэ жил Apple Watch 8 Pro нэртэй шинэ загвар гарах нь гэсэн таамаглалтай байсан ч Apple компани Ultra нэртэй шинэ төхөөрөмж гаргасан нь энэ. Хээр хөдөө аялах, мэргэжлийн тамирчид дасгал сургуулилтын хүнд ширүүн нөхцөлд ашиглах зориулалттай хэмээж буй энэ загварын батарейны үргэлжлэх хугацаа бусад загваруудаасаа 2 дахин нэмэгдсэн, мөн илүү нарийвчлалтай GPS-ээр тоноглогдсон ажээ. Энэ цаг нь 799 ам.доллараар зарагдана.

AirPods Pro 2: 249 ам.долларын үнэтэй шинэ чихэвч нь H2 нэртэй шинэ чип, дууны сарнилт багатай аудио гаралт, дууны далайц нэмэгдүүлэх шинэ боломж зэргийг өөртөө агуулжээ. Хэрэглэгчид гар утасныхаа урд камерыг ашиглан, зөвхөн өөрт тохирсон оройн зайн дуугаралт үүсгэх, илүү сайжирсан active noise cancellation, 6 цаг тасралтгүй ажиллах батарей зэрэг сайжруулалтуудаар хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.

Та бүхэн танилцуулгыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл бид видеог байрлууллаа.

Монголын шигшээ баг хэсгийн тоглолтууддаа ялалт байгууллаа
Монголын шигшээ баг хэсгийн тоглолтууддаа ялалт байгууллаа
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.