/2022.09.07/: НЗДТГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Таван толгой түлш” ХХК зэрэг байгууллагууд дүүрэг, хороодтойгоо хамтран, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг.
Энэ хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан, 24 цагийн ажиллагаатай Шуурхай штабыг байгуулжээ. Ингэснээр айл өрхүүдэд угаарын хий мэдрэгдсэн тохиолдолд Шуурхай штабын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах аж. Мөн угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг бүртгэж, угаарын хийд хордсон иргэнд анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд дадсан, иргэд мэдлэг, мэдээлэлтэй байгаа. Гэвч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдэд мэдээлэл хүргэж, угаарын хийн мэдрэгчийг суурилуулах, зөв ашиглах зааврыг өгөх нь нэн түрүүний ажил болоод байна.
Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хадгалалт, чанар, айл өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж, зааварчилгааг өгөх чиглэлээр дүүрэг, хороодтойгоо хамтран ажиллаж байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ