
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ажлаа авсан даруйдаа нэг зүйлийг тодорхой зарласан.
“Төрийн ордонд гэмт хэрэг ярихгүй.” Хэрэг гарсны дараа сүртэй мэдэгдэл хийж, хэн буруутай, хэнийг шалгах ёстой, ямар хэрэг үүсгэх ёстойг сайд нь хэвлэлийн хурлаар бараг л шийдчихдэг байсан үеийг санагалзахад энэ үг нэлээд содон сонсогдоно.
Уг нь хууль хяналтын байгууллага гэдэг өөрийн гэсэн процедуртай.
Мөрдөгч нь мөрдөнө.
Прокурор нь хянана.
Шүүх нь шийднэ.
Харин сайд нь бодлогоо барина. Гэтэл өмнөх жилүүдэд энэ дараалал эсрэгцсэн.
Сайд нь хэрэг ярьж эхэлнэ.Улс төрчид араас нь дүгнэлт хийнэ.Хэвлэлээр хэрэг шийдэгдчихнэ.Харин хууль хяналтын байгууллага нь дараа нь улс төрийн ярианы араас ажлаа хийх шаардлагатай болдог байлаа.
Бүр зарим сайд “энэ хүнийг шалгуулна”, “энэ асуудлыг сөхнө”, “хэрэг үүсгэнэ” гэх мэтээр ярих нь Хууль зүйн сайдын албан тушаалын нэг хэсэг мэт ойлгогдох болсон. Тиймээс С.Амарсайханы “хэрэг ярихгүй” гэсэн эхний мэдэгдлийг нэг ёсондоо “би мөрдөгч биш, сайд” гэсэн дохио гэж ойлгож болохоор.
Гэхдээ энд бас нэг жижигхэн асуулт байна.
Хэрэг ярихгүй гэдэг амархан. Харин өмнөх сайд нарын бий болгосон энэ улс төрийн “хэрэг ярьдаг” тогтолцоог өөрчлөх нь хэр амархан бол? Хэрэв үнэхээр энэ зарчмаа баримталж чадвал ХЗДХ-ийн сайдын хамгийн сонирхолтой “чимээгүй” бодлого болох нь.
Ядаж сайд нь хэрэг шийдэхээ больж, хууль хяналтын байгууллага нь ажлаа хийдэг болъё.Төрийн ордонд мөрдөгч, прокурор, шүүгчийн орон тоо шинээр бий болгох шаардлага ч гарахгүй.
С.Амарсайхан сайдын мэдэгдэл энэ л утгаараа өмнөх сайд нартаа өгсөн жижигхэн сануулга ч юм шиг. “Хэрэг ярих ажлыг надад үлдээхгүй, холбогдох байгууллагад нь үлдээе.”
Н.СҮРЭН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.