50+1-ийн нөгөө талд: АН-аас Ерөнхийлөгчийн суудлыг хэн онилов?
 

50+1-ийн нөгөө талд: АН-аас Ерөнхийлөгчийн суудлыг хэн онилов?

МАН-ын дотор 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “дивизүүд” аль хэдийнэ харагдаж эхэлсэн бол Ардчилсан намын талд байдал бүр сонирхолтой.

Учир нь АН-д нэг хүнийг тойрсон цул хүч гэхээсээ илүү хуучин Ерөнхийлөгчийн нөлөө, намын шинэ удирдлага, хуучин лидерүүд, өөрийн рейтингээр тоглогчид зэрэг хэд хэдэн өөр төв үүсчихсэн.

НЭГДҮГЭЭР ЭГНЭЭ “ХУУЧИН ГАРУУД”

Энэ эгнээнд Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг, АН-ын дарга асан Лувсаннямын Гантөмөр зэрэг олон жил улс төрийн тайзан дээр байсан лидерүүдийн нэр яригдана.

Тэдний давуу тал нь шинэ хүн биш туршлага, танигдсан байдал, улс төрийн өөрийн гэсэн баазтай.

Гэхдээ нэг асуудал бий. АН-ын сонгогчид хуучин нэрсээс залхсан уу, эсвэл “туршлагатай хүн” гэдгийг эргээд давуу тал гэж харах уу?

ХОЁРДУГААР ЭГНЭЭ “Х.БАТТУЛГЫН ХҮМҮҮС”

Энэ бол АН-ын хамгийн сонирхолтой хэсэг.

Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын улс төрийн нөлөө АН дотор одоо ч яригддаг. Түүний ойрын хүрээлэлтэй холбоотой улс төрийн тоглогчдын дунд Сайнхүүгийн Ганбаатарын нэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдон гарч ирсэн.

Өөрөөр хэлбэл, “Женко өөрөө биш юм гэхэд түүний улс төрийн жигүүрээс хэн гарах вэ?” гэдэг асуулт энд үлдэнэ.

ГУРАВДУГААР ЭГНЭЭ “ШИНЭ АН”

АН-ын өнөөгийн удирдлага 2027 оны сонгуулийг зүгээр хараад суухгүй нь тодорхой.

Намын дарга Одонгийн Цогтгэрэл тэргүүтэй шинэ удирдлагын баг намынхаа нэгдлийг хадгалж, өөрсдийн тоглогчийг гаргах нигууртай.

Гэхдээ энд нэг том асуулт байна.

Намын дарга өөрөө тоглох уу, эсвэл өөр хүнд тоглуулах уу?

АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн нэг хүний карьерын асуудал биш. Намын дараагийн хэдэн жилийн улс төрийн чиглэлийг тодорхойлох том тулаан.

ДӨРӨВДҮГЭЭР ЭГНЭЭ “ӨӨРИЙН РЕЙТИНГТЭЙЧҮҮД”

Энэ ангилалд намын дарга, фракц, хуучин лидерээс үл хамаараад өөрийн нэр хүнд, олон нийтийн дэмжлэгээр өрсөлдөх боломжтой хүмүүс орж ирнэ.

Тэдний нэг нь С.Ганбаатар.

Түүний хувьд өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан туршлага бий. Мөн 2027 онд АН-аас нэр дэвшихээр горилж байгаа гэх мэдээлэл хэвлэлд гарч байсан.

Ингээд АН-ын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдгээс илүү “хэн хэний дэмжлэгийг авах вэ?” гэдэг асуулт илүү сонирхолтой болж байна.

Хуучин лидерүүд үү?
Х.Баттулгын улс төрийн жигүүр үү?
Шинэ удирдлагын баг уу?
Эсвэл намын аль ч фракцад баригдахгүй, өөрийн рейтингээр гарч ирэх тоглогч уу?

МАН-ын талд дөрвөн дивиз байрлалаа эзэлж байгаа бол АН-ын талд одоогоор хэн хэнийгээ татах вэ гэдэг нь л хамгийн том тоглолт бололтой.

2027 он хүртэлх улс төрийн хамгийн сонирхолтой асуулт: АН хэнийг “гаргах” вэ, эсвэл хэн өөрийгөө “гаргах” вэ?

Amazon-ын ачааны онгоц осолдож, таван хүн амиа алдлаа
Amazon-ын ачааны онгоц осолдож, таван хүн амиа алдлаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.