
Хятадын технологийн салбарын хамгийн нууцлаг тэрбумтнуудын нэг болсон Alibaba-ийн үүсгэн байгуулагч Жэк Ма гэнэт олны анхаарлын төвд дахин орлоо.
Тэрээр өөрийн байгуулсан Alibaba-ийн Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаанаас 600 гаруй сая хонконг доллар буюу ойролцоогоор 76.5 сая ам.долларын хувьцаа худалдан авсан гэх мэдээлэл өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр гарчээ.
Сонирхолтой нь энэ үйл явдал Alibaba компани хиймэл оюун ухааны салбарт асар их хөрөнгө оруулахын тулд 10.2 тэрбум ам.доллар босгохоор шинэ хувьцаа гаргасны дараахан болсон байна.
Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн том технологийн компаниудтай өрсөлдөхөөр AI-д хүчтэй орж буй Alibaba-д Жэк Ма өөрийн хөрөнгөөр дахин бооцоо тавьжээ.
Түүгээр ч зогсохгүй Alibaba-ийн ТУЗ-ийн дарга Жо Цай болон гүйцэтгэх захирал Эдди Ву нар ч мөн компанийнхаа хувьцааг худалдан авсан байна.
Харин Жэк Ма хаана байгаа вэ?
Жэк Ма 2020 онд Хятадын санхүүгийн зохицуулагчдыг шүүмжилсэн илтгэл тавьсныхаа дараа олны нүднээс хэсэг хугацаанд бараг алга болсон.
2022 онд Financial Times түүнийг гэр бүлийн хамт Токиод амьдарч байгаа гэж мэдээлж, Японд байх хугацаандаа хувийн клубүүдээр үйлчлүүлж, Японы орчин үеийн урлаг сонирхох болсон талаар бичиж байв.
Мөн 2023 онд тэрээр Токиогийн их сургуулийн Tokyo College-д зочин профессороор ажиллаж эхэлсэн.
Олны нүднээс хол, нам гүм амьдралыг сонгосон гэх Жэк Ма өөрийн байгуулсан Alibaba-д 77 сая ам.доллар дахин оруулсан нь түүний компанийн ирээдүйд итгэсээр байгааг харуулсан хүчтэй дохио болж байна.
Түүний дараагийн том бооцоо нь цахим худалдаа биш, хиймэл оюун ухаан байх бололтой.
Эх сурвалж Соронз сэтгүүл
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.