Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа

/2024.03.27/: Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонтой уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.

Энэ хүрээнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нар Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын 2022 онд байгуулсан Харилцах ойлголцлын Санамж бичгийн хугацааг 2025 оныг хүртэл сунгахаар тохиролцож, гарын үсэг зурлаа.

Ийнхүү Харилцан ойлголцлын Санамж бичгийн хугацаагаа сунгаж буй нь хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжиж, харилцан итгэлцэл батжин бэхжиж байгаагийн илрэл гэдгийг талууд санал нэгтэй илэрхийллээ.

Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд талууд Парламентын хууль тогтоомж, дүрэм, журмыг хүний эрхийн асуудлаар баяжуулах; Парламентын үйл ажиллагаа, бүтэц, ажлын албаны ажилтнуудын хүний эрхэд суурилсан хандлагыг дэмжих; Жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллана.

Өнгөрөгч оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран хүний эрх, жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийсэн нь харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй цогц арга хэмжээний нэг юм.

Олон Улсын Парламентын Холбооны боловсруулсан аргачлалын дагуу Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13 дахь парламент болсон бол хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болсноороо онцлогтой. Энэхүү үнэлгээ Монголын парламентын түүхэнд анх удаа, дэлхийн улс орнуудын парламентуудын ажиглалт, анхаарлын дор явуулж буй үйл ажиллагаа болсон бөгөөд хоёр тусдаа агуулгыг нэг дор, уялдаа холбоотойгоор авч үзэж буй онцгой, чухал үйл явдал болсон юм.

Талууд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр цаашдын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Эх сурвалж: УИХ

II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна
II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.