/2024.03.27/: Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн тус форумаар хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудал, шийдлийг хэлэлцэв.
Форумын үеэр хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, боомтоор нэвтрэх олон төрөлт тээвэрлэлтийг хөгжүүлэх, эдийн засгийн коридор, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, салбар хоорондын харилцан уялдаа, тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт оролцогсод саналаа нэгтгэлээ.
"Боомтын сэргэлт Үндэсний форум-2024"-аар Монгол Улсын Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Энэ хүрээнд Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо МҮХАҮТ -тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд хилийн боомт, эдийн засгийн коридор, олон улсын тээвэр, логистикийн зохион байгуулалт, хилийн боомтын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог хангах, коридорын аялал жуучлал болон холбогдох бусад асуудлаар гаргасан санал санаачлагыг ажил хэрэг болгоход талууд хамтран ажиллахаар болов.
Ийнхүү анхдугаар форумаар боомтыг хөгжүүлэхдээ олон улсын худалдааны бодлогыг бүсийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интеграцитай уялдуулан төлөвлөх нь чухал гэдэгт төвлөрлөө. Түүнчлэн олон улсын худалдааны нэвтрүүлэлт, түгээлт, тээвэр зохицуулалт, логистик, төлбөр тооцооны талаархи дотоодын дүрэм журам, стандартыг зохицуулах салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай хэмээн дүгнэлээ.
Эх сурвалж: БСҮХ