/2024.01.26/: Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хи-д тансаг брендийн цүнх бэлэглэсэн нь нилээд асуудал тарив.
Өнгөрсөн оны сүүлээр гарсан тагнуулын камерын бичлэгт нэгэн пастор тэргүүн хатагдтайд Кристиан Диорын цүнх бэлэглэж байгаа нь харагдсан.
Зарим шинжээчид энэ дуулиан нь ерөнхийлөгч Юн Сук Ёолын намыг дөрөвдүгээр сард болох сонгуульд унагах зориулалттай дуулиан гэж үзэж байна.
Сонгогчид ноён Юнээс тайлбар авахыг хүсч байгаа бол сөрөг хүчнийхэн энэ асуудлыг ашиглан түүн рүү халдаж байгааг санал асуулга харуулж байна.
Уг цүнхийг 2022 оны есдүгээр сард тэргүүн хатагтайд өгсөн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Бичлэгт хатагтай Ким бэлгийг хүлээн авч буйг тодорхой харуулаагүй ч "Korea Herald" сонинд Ерөнхийлөгчийн тамгын газар уг цүнхийг хүлээн авсныг баталж, "Засгийн газрын өмч болгон удирдаж, хадгалж байна" гэж мэдэгджээ.
Саяхан явуулсан санал асуулгаар тус улсын сонгуулийн насны иргэдийн 69 хувь нь ерөнхийлөгчөөс эхнэрийнхээ үйлдлийн талаар тайлбар авахыг хүсчээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард явуулсан санал асуулгад оролцогчдын 53 хувь нь түүний зан авирыг зохисгүй гэж үзсэн байна.
Өмнөд Солонгосын парламентын сонгууль болохоос гуравхан сарын өмнө энэ дуулиан дэгдэж байна. Энэ шуугиан гараагүй байх үед ч ноён Юны үнэлгээ сүүлийн нэг жилийн хугацаанд тогтмол буурч байгаа юм.
Эх сурвалж: ВВС