/2024.01.15/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр настан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул Жанлавын Нямдарьд Хөнгөн, аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун албаны төлөөллийн хамт гурван жаран, хоёр зууныг дамжин энх тунх үлгэрлэн амьдарч буй 104 настай Ж.Нямдарьд хүндэтгэл үзүүлэн өргөө гэрт нь зорин очиж, шагналыг гардуулав.
Ж.Нямдарь нь хөнгөн аж үйлдвэрийн салбарт нийт 43 жил ажиллаж, шинээр байгуулагдаж байсан аж үйлдвэрийн комбинатын үйл ажиллагааг жигдрүүлэн үйлдвэрлэл, экспортыг өргөжүүлэх болон зах зээлийн нөхцөлд ноос ноолуурын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулжээ.
Тэрбээр, аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан эхэн үеэс ноосны үйлдвэрийг түүхий эдээр хангахад хүчин зүтгэж ажлын гараагаа эхэлж байсан бол тэтгэвэрт гарсныхаа дараа ч олны хүсэлтээр “Ноос импекс”, “Эсгий хоршоо”, ахуйн цаасны үйлдвэрт 88 нас хүртлээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ