“ЭТТ” ХК-ийн хувьцааны 34 хувийг иргэн бүрд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЭТТ” ХК-ийн хувьцааны 34 хувийг иргэн бүрд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

/2023.12.21/: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл баримтлалын хүрээнд “Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тогтоолын төсөлд дараах асуудлыг тусгажээ. Үүнд:

  • “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, компанийн хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдэд үргэлжлүүлэн, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан тус тус эзэмшүүлэх, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд компанийн хувьцааг эзэмшүүлэх, иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулах; компанийн хувьцааны 1072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр /933 төгрөг/ нь буцаан худалдан авч, иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл олгох гэсэн авах арга хэмжээний хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгажээ.
  • Мөн Монгол Улсын Их Хурлын 2010 оны долоодугаар сарын 07-ны өдрийн 39, 2012 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг болон тогтоол хэрэгжиж эхлэх хугацааг тусгасан байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 34 хүртэл хувийг Монгол Улсын иргэд эзэмшснээр байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх боломжтой болоод зогсохгүй тус компанийн үйл ажиллагаанд тавих иргэдийн хяналт оролцоо дээшилж, ил тод, нээлттэй компанийн засаглал хөгжихөд чухал ач холбогдол үзүүлэх болно гэж үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: УИХ

Өнөөдөр багавтар үүлтэй, 21-23 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 21-23 хэмийн хүйтэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.