/2023.10.18/: Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба хамтран “Жаргалтай гэр бүл” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж, нэг сарын хугацаатай аяныг эхлүүлж байна.
Арга хэмжээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон бусад албаны мэргэжилтнүүд, дүүрэг, хороодын ахлагч, хэсгийн байцаагч нар оролцлоо.
Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эрхийг хангахтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлаар эрх зүйн орчныг сайжруулж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ цаг үед иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах нь чухал юм” гэв.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэх, хохирогчийг хамгаалах, холбон зуучлах үйлчилгээг тасралтгүй зохион байгуулж байгаа ч хөршийн холбоог сайжруулах, энэ талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх нь чухал байгааг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат онцлон хэлсэн юм.
Нийслэлийн хэмжээнд 2023 оны эхний 9 сарын байдлаар хүчирхийллийн улмаас 602 гэмт хэрэг бүртгэгдэж, бүртгэгдсэн нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 41,1 хувь нь согтуугаар үйлдэгдэж байгаа нь ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хохироох байдал түгээмэл байгааг харуулж байна.
Эх сурвалж: НИТХ