Израйль Хамасын сөргөлдөөн цахим халдлага хэлбэрээр өргөжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израйль Хамасын сөргөлдөөн цахим халдлага хэлбэрээр өргөжиж байна

Israel aims to outgun America in cyber warfare - Raconteur

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хамас бүлэглэлийн зэвсэгт дайчид Израйль руу халдсан явдалтай холбоотойгоор улстөрийн идэвхитэй хакерууд хариу үйлдэл үзүүлж эхэлжээ.

Зэвсэгт дайралтын эхний өдрүүдэд Израйлийн мэдээллийн сайтууд болон шуурхай албаны мэдээлэх аппиликйэйшнүүдэд тэд халдаж ажиллагаагүй болгосноор иргэдийн дунд тодорхойгүй байдал, айдас түгшүүр төрүүлж, төөрөгдөл үүсгэсэн байна.

Тухайлбал, амралтын өдрүүдээр хакерууд Израйль дахь англи хэл дээр нийтлэгддэг хамгийн том хэвлэл болох Jerusalem Post-ын цахим сайтад халдлага үйлдэж, пуужингийн довтолгооны үеэр сэрэмжлүүлэг дохио өгдөг мэдээлэх аппликэйшний хэвийн ажиллагааг тус тус алдагдуулжээ.

Jerusalem Post сонины цахим хуудас даваа гарагт хакерын дайралтад өртөн ажиллагаагүй болсон бөгөөд Anonymous Sudan нэртэй бүлэглэл халдлагыг үйлдсэн гэдгээ өөрсдийн Телеграм групптээ мэдэгдсэн юм. Мягмар гараг гэхэд тус сайтын хэвийн ажиллагаа сэргэснийг мэдээлсэн.

Харин Палестины талыг баримтлагч AnonGhost бүлэглэлийнхэн Израйлийн иргэдэд пуужингийн довтолгооны сэрэмжлүүлэх дохио өгдөг Red Alert аппликэйшнийг хаакдаж, тус улс руу цөмийн зэвсэг харвасан гэсэн аюулын дохио илгээсэн хэрэг гарсан байна.

Мөн Ghosts of Palestine нэртэй Палестины талын хакерын бүлэг өөрсдийн Телеграм групптээ даваа гарагт Израйлийн батлан хамгаалах яам, Бен Гурионы нэрэмжит нисэх буудал зэрэг хэд хэдэн байгууллага руу амжилттай халдлага үйлдсэн гэж мэдэгдсэн юм. Гэхдээ дээрх байгууллагуудын вэбсайтууд даваа гарагийн үдээс хойш гэхэд хэвийн ажиллагаанд орсон байжээ.

Сүүлийн жилүүдэд улс төрийн сэдэлтэй хакерууд буюу хактивистууд ийнхүү бүс нутгийн зөрчилдөөн, зэвсэгт мөргөлдөөнд гар бие оролцох нь ажиглагдах болсон бөгөөд хэрэв та бүхэн санаж байгаа бол Украин руу ОХУ халдан довтолсон эхний өдрүүдэд Оросын хакерууд Украины төрийн байгууллагууд болон банк санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн халдлага үйлдэж, олон тооны серверийг нь ажиллагаагүй болгож байсан билээ.

Өмнөх үйл явдлуудаас харж байхад энэ төрлийн хакерын бүлэглэлүүд ихэвчлэн DDoS төрлийн халдлага үйлдэж, вэбсайтуудыг хэдэн цагаар буюу хэдэн өдрөөр ажиллагаагүй болгож байв. Хэдийгээр тагнуулын зорилготой халдлага буюу хортой программуудыг бодвол DDoS халдлага нь хор уршиг багатайд тооцогддог ч дайн, зэвсэгт мөргөлдөөн зэрэг тохиолдолд энгийн иргэд аль болох найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, тодорхойгүй байдлаас гарахыг хүсч байгаа үед энэ төрлийн халдлага нь илүү хор хохиролтой тусч байгаа юм.

Дээр дурдсан хоёр гурван бүлэглэлээр энэ удаагийн халдлагууд зогсохгүй нь тодорхой болж байх шиг байна. Интернэт орчинд цахим дайны шинжтэй хийгдэж буй халдлагуудыг хянаж байдаг CyberKnow аюулгүй байдлын судалгааны бүлгийн мэдээлснээр энэ даваа гарагийн байдлаар Израйль болон Палестины эсрэг DDoS халдлага үйлдэж буй 58 бүлэглэл байна гэжээ. Үүн дээр нэмээд, Ghosts of Palestine бүлэг өөрсдийн Телеграм сувгаараа дамжуулан дэлхийн өнцөг булан дахь хакеруудыг Израйль болон АНУ-ын эсрэг өргөн далайцтай дайралт хийхийг уриалсан тохиолдол гарчээ.

Одоогийн байдлаар цахим халдлагуудын дийлэнх нь Палестиныг дэмжиж, Израйлийн эсрэг чиглэгдэж байгаа ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Израйлийг дэмжих хакерын бүлгүүд удахгүй гарч ирэх төлөвтэй байгаа гэнэ. Тухайлбал, дээр дурдсан 58 бүлгээс 10 нь Израйлийн талд ажиллаж байсан бол 48 нь Палестиныг дэмжиж буюу Израйлийг эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулсан гэж CyberKnow бүлэг үзэж байна. Мөн Оросын талыг баримтлагч Killnet бүлэглэлийнхэн ч Израйлийн эсрэг хакерын дайралтад оролцсоныг тэд илрүүлжээ.

Израйль улстай таагүй харилцаатай улс орнуудын тусгай албаны мэдэлд байдаг хакерын бүлэглэлүүд, ялангуяа Ираны хакерын бүлгүүд энгийн үед ч Израйль руу мэдээлэл хулгайлах болон зохих байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах халдлагуудыг хийж ирсэн тул энэ удаагийн боломжийг зүгээр суугаад өнгөрүүлэхгүй нь тодорхой юм.

Израйль улс ч бас зүгээр суулгүй Ираны эсрэг цахим халдлагууд хийдэг ба шатахуун түгээх станцууд, гангийн үйлдвэр, ус хангамжийн түгээх төвүүд зэрэг газрууд хохирогч нь болж үлдсэн байдаг бол Иран улс 2022 оны 6 сараас хойш нэг жилийн турш Израйлийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын эсрэг хамгийн их цахим халдлага хийсэн улсаар тодорсныг Microsoft компаниас нийтэлсэн цахим орчны судалгааны тайлан харуулж байв.

Даваа гарагт зохион байгуулагдсан АНУ-ын үндэсний цахим аюулгүй байдлын зөвөлгөөн дээр NSA буюу Үндэсний аюулгүй байдлын агентлагийн цахим аюулгүй байдлын газрын дарга Роб Жойс одоогоор Израйлийн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын эсрэг цахим халдлага бүртгэгдээгүй ч тайвширч болохгүй гэж мэдэгдсэн ажээ.

Эх сурвалж: axios.com

ШУУД: Улсын Их Хурлын чуулган
ШУУД: Улсын Их Хурлын чуулган
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.