/2023.09.29/: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.
Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд “Бялхам ивээл” ХХК-ийг 2007 онд байгуулсан.
Тус компани нь нийт 3 га ашигтай талбай бүхий зуны 66, үрсэлгээний 24 хүлэмж, мөн задгай талбайд туршилт, судалгааны зорилгоор төмс, чихэрлэг төмс, навчит ногоо, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн ногоо, жимс тариалж байна.
Үүнээс тарвас, амтат гуа, үрлэн помидор, өргөст хэмх, амтат чинжүү, хулуу, кимчи байцаа, эрдэнэшиш, хаш, бүдүүн ногоон сонгино, сармис гэх мэт 11 нэр төрлийн нарийн ногоог борлуулдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн хүлэмжийн болон дагалдах тоног төхөөрөмж гаалийн импортын татвараас чөлөөлөгджээ.
“Бялхам ивээл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ким Сон Чёл хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Хүнсний хувьсгал”-ыг дэмжиж байгаагаа хэллээ. Монгол Улс 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хүнсний ногоо экспортлох бүрэн боломжтой хэмээн онцлов.
Хүн амын хэрэгцээнд эрүүл, чанар, шим тэжээл сайтай хүнсний ногоо нийлүүлэх үйл ажиллагаандаа шинэ, дэвшилтэт арга технологиудыг нэвтрүүлж ажиллахаас гадна нийслэл болон Завхан, Ховд, Дундговь, Төв, Сэлэнгэ аймгийн нарийн ногоо тариалагчдад тус арга, технологио урилгаар заадаг талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
2023 онд улсын хэмжээнд 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо тариалсан бөгөөд урьдчилсан балансаар төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 82 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн. Энэ нь өнгөрсөн жилээс 18 хувиар өссөн үзүүлэлт юм.
Цаашид хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хийснээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бололцоо бүрдэнэ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1,700 гаруй аж ахуйн нэгж 450 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэх хөрөнгийн зээл аваад байна.
Үүний 21.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хүнсний ногоо тариалагч аж ахуйн нэгжүүдэд олгожээ.
Өнөөдөр улсын хэмжээнд 120 га талбайд хүлэмжийн аж ахуйн үйл явуулж байгаа бөгөөд үүний 30 га нь өвлийн хүлэмж юм. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үүнийг 50 га болгон нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Эх сурвалж: ЕТГ