Microsoft цөмийн эрчим хүчний технологийн төслийн менежерийн ажлын зар нийтэлж, сонгон шалгаруулалт эхлүүлсэн нь тус компани дата төвүүдээ найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахын тулд бага оврын цөмийн реактор ажиллуулахаар шийдсэнийг харуулж байна.
Компани аль хэдийн хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахын тулд цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг гуравдагч талын компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд дээрх ажлын зараас үзвэл компани эрчим хүчний стратегиэ шинэчилж, цаашид цөмийн эрчим хүчийг компанийн бодлогын нэг хэсэг болгох оролдлого хийж байна гэсэн дохио өгч байгаа юм.
Ажлын зард тухайлан “компанийн үйл ажиллагаанд цөмийн эрчим хүч ашиглахад зориулсан дэлгэрэнгүй бөгөөд хэрэгжихүйц төлөвлөгөө гаргах” гэсэн ажил үүргийг оруулж, мэргэжилтэн нь “эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай, цөмийн технологи болон түүнд холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг сайн мэддэг байх” гэсэн шаардлага тавьсан байгаа нь дээрхийн нотолгоо болж байна.
Microsoft компани одоогоор цөмийн эрчим хүчний төсөл хөтөлбөрийнхөө талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч компанийн байгаль орчны бодлого болоод одоо хэдийн цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагаа үүсгээд байгаа зэргийг бодолцож үзвэл компани цаашид өөрөө эрчим хүч үйлдвэрлэхээр шийдсэн байх өндөр магадлалтай. Хэдийгээр олон жил турш цөмийн эрчим хүчний салбарыг аюулгүйн байдлын асуудал болоод цөмийн зэвсэг дэлгэрэхэд нөлөөлдөг гэж үзэн, улс орнууд зайгаа барьдаг байсан боловч сүүлийн үед эрчимтэй явагдаж буй цаг уурын өөрчлөлтийн асуудлаас үүдээд, нэгт, хатуу түлш шатаадаггүй, хоёрт, хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр харьцангуй их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг гэдэг утгаараа эргээд моодонд орж байгаа билээ.
Мөн уг ажлын зард дурдсанаар Microsoft компани SMR(Small Modular Reactor) төрлийн реакторт ажиллаж байсан туршлагатай хүн хайж байгаа гэжээ. Энэ төрлийн станцууд нь бүрэн хэмжээний цөмийн станцаас гурав дахин бага хэмжээтэй бөгөөд АНУ-ын Цөмийн эрчим хүчний зохицуулах хорооноос ашиглалтын зөвшөөрлөө авсан ийм жижиг реактор нь хөнгөн усны технологи ашиглан, 50 МВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.
SMR реактороос гадна бичил реакторын талаар ч дээрх зард дурдагдсан байна. Эдгээр нь маш жижиг хэмжээтэй, зөөврийн хэрэглээнд зориулагдсан 1-20 МВт эрчим хүч гаргах чадалтай реакторууд боловч одоогоор хөгжүүлэлтийн дөнгөж эхний шатандаа яваа тул маш хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа нь явагдаж байгаа юм. Одоогоор NASA агентлаг сансарт эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор хөгжүүлэлт, туршилтын ажил хийж байгаа ба улс орны хэрэглээнд зориулан бүтээх ажил нь дөнгөж судалгааны шатандаа явж байна.
Microsoft нь энэ оны 6-р сард Виржиния мужийн Constellation Energy эрчим хүчний компанитай цөмийн эрчим хүчээр тэр хавийн дата төвүүдээ хангах гэрээ хийж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах анхны алхамаа хийсэн билээ.
Эх сурвалж: computerworld