SoftBank Group-ийн эзэмшдэг чип зохион бүтээгч Arm компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж эхэлсэн эхний өдөртөө нэгж хувьцааны үнэ 63.59 ам.долларт хүрч, 25 хувийн өсөлт үзүүлэв.
Зарласан үнэ нь 51 ам.доллар байсан Arm компанийн хувьцаа 56.1 ам.долларын үнээр хоёрдогч зах зээлийн арилжаагаа нээсэн бөгөөд биржийн арилжаа хаах дөхөх үеэр хөрөнгө оруулагчид идэвхитэй худалдан авалт хийсэн нь ийнхүү хувьцааны ханшийг өсгөж, компанийн үнэлгээг эхний өдөрт л 65 тэрбум ам.долларт хүргэсэн байна.
Тус компанийн ерөнхий захирал Рене Хаас Блүүмберг агентлагт өнгөрсөн пүрэв гарагт ярилцлага өгөхдөө “Хиймэл оюун хөгжил хэрэглээ хаа сайгүй түгэн дэлгэрч байгааг бид харж байна. AI-тай холбоотой бүх л тэлэлтэд Arm хамтдаа оролцох болно. Бид өөрсдийн онцгой бизнес моделийнхоо ачаар ирээдүйд манай бүтээгдэхүүний хэрэглээ хаа хүрэхийг маш сайн бодож төлөвлөсөн. Тиймээс өсөлтөө тогтвортой хадгалж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.
Arm компани ийнхүү бирж дээр хувьцаагаа амжилттай арилжаалж чадсан нь Орос Украины дайнаас хойш уналтад ороод байсан IPO зах зээлд сэргэлт авчирч магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Өнгөрсөн 7 хоногт тэдний хувьцаа нээлтээ хийсний дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Dow Jones индекс 34907 нэгж хүрч, 1 хувиар өссөн нь 8 сараас хойш үзүүлж буй хамгийн өндөр өсөлт юм.
Гол хувьцаа эзэмшигч SoftBank группийн хувьд Их Британид бүртгэлтэй Arm компанийнхаа нийт хувьцааны 10 хувийг л олон нийтэд санал болгож байгаа бөгөөд SoftBank-ны хувьд Arm компани хөрөнгө оруулалтынх нь багцын хамгийн чухал хэсэг гэж тооцогддог. Тийм ч учраас Японы хөрөнгө оруулагч SoftBank групп компанийн хувьцааны 90 хувийг өөрийн хяналтад байлгаж, цаашид AI хөгжүүлэлтэд шаардлагатай чип хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцоотой хэвээр байх хүсэлтэй байна.
Наймдугаар сард гаргасан Arm компанийн үнэт цаасны танилцуулгад дурдсанаар өдгөө дэлхийн нийт хүн амын 70 орчим хувь нь тус компанийн зохион бүтээсэн чипийг ашигладаг ажээ. 3-р сарын 31-нээр дуусгавар болсон өнгөрсөн санхүүгийн жилд л гэхэд Arm-ын зохион бүтээсэн 30 тэрбум чип худалдаанд гарсан нь 2016 онтой харьцуулахад 70 хувиар өссөн үзүүлэлт юм. SoftBank группийн ерөнхийлөгч Масаёши Сон 6-р сард болсон өөрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр энэ тоог нэг их наядад хүрнэ гэсэн хүлээлттэй байгаагаа дурдсан билээ.
Arm компанийн гол үйлчлүүлэгчид болох Apple, Google, Nvidia, Taiwan Semiconductor Manufacturing Co. (TSMC) болон Samsung Electronics компаниуд тус компанийн хувьцааны тодорхой хэсгийг худалдан авч, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.
Компанийн хувьцаа олон нийтэд нээлттэй арилжаалагдах болсонтой холбоотой хамгийн том эрсдэл нь Хятадын зах зээлд гарах гол үүд хаалга нь болдог Arm China компанитай хийх худалдааны харилцаа байх болно гэж таамаглаж байна. Өнгөрсөн санхүүгийн жилд тус компанийн нийт олсон орлогын 24 хувь нь Хятадын зах зээлээс орж ирсэн юм.
Хятадтай хийх олон улсын технологийн худалдаа таагүй уур амьсгалтай байгаагаас болоод Arm компанийн нэгдүгээр улирлын тайлан дахь Хятадын борлуулалтын хувь хэмжээг хөрөнгө оруулагчид нухацтай хүлээж авах нь гарцаагүй.
Энэ талаар SoftBank-ны ерөнхийлөгч Сон CNBC телевизэд ярилцлага өгөх үеэрээ “АНУ, Хятадын харилцаа нэг их сайнгүй байна. Хятадын гаргаж буй шийдвэр бүхэн дэлхийн эдийн засагт үлэмж нөлөөлж байдаг. Цаашид энэ харилцаа тогтворжиж сайжраасай гэж итгэж байна” гэжээ. Мөн тэрээр SoftBank групп Хятад дахь үйл ажиллагаагаа тодорхой хэмжээгээр хумьсан ч, Arm China компанийн үйл ажиллагаанд ямар нэг асуудалгүй сайн байгаа гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Кэмбрижэд төвтэй чипний дизайн бүтээгч Arm компани нь 2022 оны санхүүгийн жилд 2.8 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд нийтдээ тус компанийн дизайнд суурилан бүтээсэн 250 тэрбум чип зах зээлд гарч, ашиглагдаж байгаа ажээ.
Эх сурвалж: asia.nikkei