/2023.09.13/: Яармагийн замд зам тээврийн ноцтой ослууд маш олон гарсан. Тухайн ослуудад явган зорчигч гэмтэх, амиа алдах явдлууд ч цөөнгүй тохиолдсон.
Мөн ачаалалтай замд явган хүний гэрлэн дохиотой гарц автомашины нэвтрэх хөдөлгөөнийг удаашруулдаг зэрэг шалтгаануудыг авч үзэн тус замд явган хүний нүхэн гарцуудыг барьж байгуулаад байгаа билээ.
Тэгвэл энэхүү замын нүхэн гарцыг үр дүнтэй ашиглуулах үүднээс явган хүний гарцын гэрлэн дохиог буулгасан талаар Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр,
"Урд шөнө “Хүннү молл”-ын урд байрлах гэрлэн дохиог хариуцсан ажилтнууд нь буулгаж, өөр байршилд шилжүүлэн суулгалаа. Явган зорчигчид шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар нэвтэрнэ.
Энэ нүхэн гарцын дотор заслын ажлыг долоо хоногийн хугацаанд дуусгана.
Ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдал хангагдаж, Яармаг орчмын зорчилт хөдөлгөөний урсгалын эрчим сайжрах юм" гэжээ.