/2023.08.18/: Засгийн газрын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэр өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр /2023.08.18/ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нээлттэй мэдээлэл хийлээ.
Монгол Улсын автотээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санд төрийн болон орон нутгийн өмчит 1 мянга 728 байгууллагын 14 мянга 717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа.
Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 8000 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр боллоо.
Энэ ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа байгууллагын 1200 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг солих ажлаар эхлүүлж байна.
Ингэснээр төрийн байгууллагын авто машинуудын зорчилтыг ил тод болгож, хувийн болон ар гэрийн ажилдаа ашиглахгүй байх, төрийн хяналтыг ард иргэдийн оролцоотойгоор хийх, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Үүний хүрээнд төрийн өмчийн автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг нь хар хөх, тоо, үсэг ба хүрээ нь цагаан өнгөтэй байхаар өөрчлөлт орууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд 1.183.793 тээврийн хэрэгсэл байна.
Ташрамд дурдахад,
Улсын дугаарын дэвсгэр өнгө нь цагаан бол энгийн автомашин, мотоцикл, чиргүүл, улаан бол дипломат албаны 487 машин, хар дэвсгэртэй буюу технологийн 72 мянга 211 тээврийн хэрэгсэл, ногоон буюу эко 557, шар дэвсгэртэй нийтийн тээврийн үйлчилгээний 1562, үүнээс 1320 автобус, 242 такси үйлчилгээний машин, хар хөх бол төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл гэж ялгах юм.