Стрийминг видео үйлчилгээ буюу хэрэглэгчид интернэтийн сервер дээрх видеог заавал татаж авалгүйгээр, шууд хандан үзэх боломжтой видео контентын салбар руу сүүлийн жилүүдэд Disney, Paramount зэрэг кино компаниудаас гадна Red Bull, FIFA зэрэг спортын салбарынхан ч хүч түрэн орж ирээд байгаа.
Ингэхдээ тэд стрийминг үйлчилгээний тодотгол болгон нэрнийхээ ард “+” тэмдэг нэмж, Disney+, FIFA+ гэх зэргээр брэндинг хийдэг билээ. Энэ удаа NASA+ нэртэй шинэ стрийминг үйлчилгээг нэвтрүүлнэ гэдгээ Америкийн сансар судлалын NASA агентлаг мэдэгдлээ.
Энэ оны сүүлчээр бүрэн хэмжээгээр ашиглагдаж эхлэх NASA+ нь төлбөргүй, ямар нэг зар сурталчилгаагүй байх ба сансрын хөлгүүдийн хөөрөх үйл явцыг шууд дамжуулах, баримтат кинонууд, зөвхөн тус платформ дээр онцгой эрхтэйгээр гарах цуврал кинонууд зэргийг үзэгчдэд санал болгох ажээ.
NASA-ийн харилцаа холбоо, олон нийттэй харилцах хэлтсийн дэд ахлагч Марк Эткинд энэ талаарх мэдэгдэлдээ “Манай шинэ стрийминг үйлчилгээний платформ нь сансрын уудмыг хэрэглэгч таны атганд багтаах болно. Цахим орчин дахь контент, баримтат киногоор дамжуулан бид хэн ч өмнө нь хүрч үзээгүй, хөл тавиагүй агаар мандал, сансрын орон зайг NASA хэрхэн судалдаг вэ гэдгийг олон нийтэд хүргэхийн сацуу хүн төрөлхтөний тусын тулд ямар дэвшилтэт санаа, үйл ажиллагаанууд боловсруулснаа олонд хүргэх боломжтой боллоо” гэжээ.
NASA+ нь Android болон iOS үйлдлийн системтэй гар утас болон таблетэд зориулсан NASA аппликэйшнээс гадна Fire YV, Apple TV, Roku зэрэг видео үйлчилгээнүүдээр дамжин, хэрэглэгчдийн гарт хүрэх юм. Үүнээс гадна NASA-ийн бүтээсэн туршилтын вэбсайтаар ч дамжин NASA+ хэрэглэж болох ажээ. Вэбээр орохын нэг давуу тал нь стрийминг видеоноос гадна NASA-гийн шинэ нислэгүүд, сансрын судалгаанууд, цаг уурын өгөгдлүүд, Артемис төслийн талаарх шинэ мэдээ, мэдээллийг олж үзэх боломжтой.
Харин шинэчлэгдсэн nasa.gov болон science.nasa.gov вэбсайтуудаар дамжуулан, илүү тухайлсан сэдвийн дагуух мэдээллүүдтэй танилцаж болох ба хайлтын системийн үйлчилгээнүүдтэй асуудалгүй хослон ажиллах юм байна. Одоогоор тус агентлаг нь NASA TV нэртэй үйлчилгээгээр дамжуулан видео контентууд, сансрын хөлгийн хөөргөх үйл ажиллагааг үзүүлдэг.
Энэхүү үйлчилгээ нь NASA-ийн үндсэн вэб сайт болон YouTube дээр байршиж, уламжлалт телевизийн форматаар 24 цагаар хэрэглэгчдэд хүрдэг бол стрийминг үйлчилгээ нээснээрээ тэд NASA-ийн контентуудыг бүгдийг нэг доороос үзэх боломжтой төвлөрсөн үйлчилгээ бий болгож байна гэсэн үг билээ. NASA-ийн Мэдээлэл хариуцсан захирал Жеф Сийтон урьд нь хэвлэлийн бага хурал дээр тус агентлаг үндсэн вэбсайтуудаа шинэчилж, стрийминг үйлчилгээ нэвтрүүлснээр үзэгчидтэй тогтоосон харилцаа холбоогоо цаг үеийн шаардлагад нийцүүлэн, шинэчилж, улмаар мэдээллүүдээ илүү хүртээмжтэй, илүү олдоцтой, илүү найдвартай болгож буй алхам гэж тодорхойлсон юм.
Одоогоор тус үйлчилгээний өнгө төрх, хэв маяг ямар байх нь тодорхойгүй байгаа ч мэдээлэл хүргэх үйл явцаа орчин үеийн шаардлагад нийцүүлж шинэчилж байгаа гэснээс үзвэл бусад стрийминг үйлчилгээнүүдэд ашиглагддаг наад захын функцүүдтэй, хялбар интерфэйстэй байх болов уу гэсэн хүлээлт үүсгээд байна. Эх сурвалж: https://techcrunch.com/2023/07/28/nasa-is-launching-its-own-streaming-service-later-this-year/