Урд шөнө болсон Samsung Summer Galaxy Unpacked 2023 арга хэмжээний ОНЦЛОХ ЗҮЙЛС
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урд шөнө болсон Samsung Summer Galaxy Unpacked 2023 арга хэмжээний ОНЦЛОХ ЗҮЙЛС

/2023.7.27/ Samsung компани уламжлал ёсоор жилд хоёр удаа зохион байгуулдаг Galaxy Unpacked арга хэмжээгээ энэ удаа Өмнөд Солонгосын Сөүл хотод зохион байгуулж, шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Тэдгээр шинэ бүтээгдэхүүнүүдэд Galaxy Z Flip5 болон Z Fold 5 гар утас, Galaxy Watch6 болон Watch6 Classic ухаалаг цаг, мөн Galaxy Tab S9 цувралын гурван шинэ таблет оржээ.

GALAXY Z FLIP 5 ГАР УТАС: НУГАСНЫ ГЭМТЭЛ БАГАСНА

Galaxy Z Flip5 гар утас нь өнгөрсөн жилийн Z Flip 4 загвараас эрс шинэчлэгджээ. Дэлгэгдсэн үедээ бүрэн хэмжээний ухаалаг гар утас болж, эвхсэн үед утсаа шалгах 3.4 инчийн том дэлгэцийг гадна талд нь суурилуулж өгчээ. Flex Window нэртэй энэ дэлгэцийг ашиглан, хуанли, цаг агаар, SmartThings зэрэг функцүүдийг удирдах, мессежид хариу өгөх боломжтой юм.

Шинэчлэгдсэн Galaxy Z Flip5 гар утсандаа Samsung компани Flex Hinge нэртэй шинэ нугас-холбоос ашиглажээ. Ингэснээр гар утсаа дэлгэхэд хоёр дэлгэцний хооронд мэдрэгддэг байсан ирмэг хоорондын зайг бүрэн алга болгож, нэг цул дэлгэц мэт харагдах болсон нь онцлог юм. Мөн энэ удаагийн шинэчилсэн нугасанд өмнөх загваруудаас илүү цөөн хатуу эд анги орсон учраас урт хугацаандаа ашиглалтын явцад нугас механик гэмтэл авах нь багасна гэж зохион бүтээгчид мэдэгдсэн байна.

GALAXY Z FLIP5 1000 АМЕРИК ДОЛЛАР,
GALAXY Z FOLD5 НЬ 1800 ДОЛЛАР

Ном шиг дэлгэгддэг Galaxy Z Fold5 гар утсанд ч мөн дээрх шинэчлэгдсэн нугасыг суурилуулж өгчээ. Өмнөх хувилбараасаа илүү нимгэрч, дэлгэцний гэрэлтэх байдлыг 30% нэмэгдүүлснээр өдрийн цагт, гадаа нарны гэрэлд илүү тод харагдах болжээ.

Fold загварын утастай хослуулан ашиглах S Pen Fold Edition ухаалаг үзэг өмнөх загвараасаа илүү нимгэн, хэрэглэхэд эвтэй болсон ч гар утаснаасаа тусдаа худалдаалагдах юм. Дээрх хоёр гар утас нь хамгийн шинэ Qualcomm Snapdragon 8 Gen 2 чипсэтээр тоноглогдсон. Fold загвар өмнө нь 128гб багтаамжтай байсан бол энэ удаа 256гб багтаамжтай болж сайжирчээ.

Galaxy Z Flip5 нь 1000 ам.доллар, Galaxy Z Fold5 нь 1800 ам.долларын үнэтэй. Наймдугаар сарын 11-нээс албан ёсоор худалдаалагдаж эхлэх боловч өнөөдрөөс эхлэн урьдчилсан захиалга өгч болох юм байна.

ЦОО ШИНЭ ТАБЛЕТУУД ХЭДЭЭР ЗАРАГДАНА ГЭЭЧ?

Galaxy Tab S9 цувралын таблетууд нь Galaxy Tab S9, Tab S9+, болон Tab S9 Ultra гэсэн гурван төрлөөр бүтээгдсэн байна.

Эдгээрээс хамгийн жижиг нь болох S9 нь 11 инчийн дэлгэцтэй, S9+ нь 12,4 инч, харин S9 Ultra нь таблет гэхэд ахадмаар 14,5 инчийн дэлгэцтэй бүтээгджээ. Өмнөх загваруудаас өөрчлөгдсөн хамгийн том шинэчлэл нь бүх загварууд Dynamic AMOLED 2X дэлгэцтэй болсон байна.

Snapdragon 8 Gen 2 for Galaxy чипсэттэй, чанга яригч нь өмнөх загваруудаас 20 хувиар томорсон, IP68 ус болон тоосны хамгаалалттай болсон аж. Өмнөх загваруудын нэгэн адилаар S Pen үзэг дагалдах бөгөөд таблетынхаа ар талд үзгээ тогтоогоод цэнэглэх боломжтой.

Galaxy Tab S9-ийн үнэ 800 ам.доллар, Tab S9+-ийн үнэ 1000 ам.доллар бол Tab S9 Ultra-ийн үнэ 1200 ам.доллараар тогтоогджээ.

Гар утаснуудын нэгэн адил наймдугаар сарын 11-нээс худалдаалагдах ч урьдчилсан захиалга өгч болно.

ИЛҮҮ ТОД, ИЛҮҮ ГОЁМСОГ, ГАЦАЛТГҮЙ УХААЛАГ ЦАГ

Galaxy Watch6 болон Watch6 Classic ухаалаг цагууд энэ арга хэмжээний үеэр танилцуулагдлаа. Харин өмнөх жил гарч байсан Pro загвар энэ удаа арга хэмжээг өнжиж байгаа бололтой.

Дээрх загварууд хоорондоо хэмжээгээрээ ялгаатай. Watch6 нь 44мм болон 40мм-ийн хэмжээтэй гарч байгаа бол Watch6 Classic нь 43мм, 47мм гэсэн хэмжээтэй үйлдвэрлэгдсэн байна.

Уламжлалт бугуйн цагны тохируулгын механизм буюу мушгиж тохируулах чих суулгаж өгснөөр цагныхаа зарим нэг функц руу орохын тулд хуруугаараа дэлгэцээ маажихын оронд эргүүлдэг тохируулгаар оролдох боломжтой болсон нь Samsung ухаалаг цагны үнэнч хэрэглэгчдэд таалагдах нь дамжиггүй.

Эдгээр цагнууд Google-ийн Wear OS 4 үйлдлийн системтэй, өмнө жилийн загваруудаас дэлгэц нь 20 хувиар томорч, дэлгэцийн гэрэлтэлт сайжирсан учир хурц нартайд ч тод харагдана гэж зохион бүтээгчид мэдэгдсэн юм.

Exynos W930 чипсэтээр тоноглогдсон учир хэрэглэх үед гацалт, удаашралтгүй, график дүрслэл ч хангалттай сайн байх болно гэж мөн тэд амлаж байна. Хэрэглээний функцүүдийн хувьд унталт хэмжих, зүрхний цохилт хэмжих, арьсны температур хянах зэрэг нэмэлт үйлдлүүдээр баяжуулсан ажээ.

Watch6-ийн үнэ 300 ам.доллараас эхлэх бол Watch6 Classic-ийн үнэ 400 ам.доллараас эхлэх юм байна. Мөн л өнөөдөр урьдчилан захиалга өгч болох ба 8 сарын 11-нд борлуулалтанд гарна.

Эх сурвалж: https://www.wired.com

“Сэр сэр салхи” УСК Венецийн олон улсын кино наадамд шалгарлаа
“Сэр сэр салхи” УСК Венецийн олон улсын кино наадамд шалгарлаа
 
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.