/2023.07.03/: Европын Холбооны Гадаад харилцааны албаны (ЕХГХА) гадаад харилцаа, аюулгүй байдал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино Монгол Улсад 7 дугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд айлчилна.
Айлчлалын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга шийдвэр гаргагчид болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улс, Европын холбоо хоорондын стратегийн түншлэлийг өргөжүүлэх талаар яриа хэлэлцээр өрнүүлэх юм. Европын Холбоо, Монгол Улс хоорондын харилцаа эерэг бөгөөд цогц байдлаар хөгжиж ирсэн. Энэхүү айлчлал нь 2018 оноос хойш буюу КОВИД-19 цар тахлын дараах Европын Холбооны зүгээс Монгол Улсад хийж буй анхны дээд түвшний айлчлал болж байгаагаараа онцлог юм.
Айлчлалын үеэр хийх уулзалтуудын гол зорилго нь Европын холбоо, Монгол Улс хоорондын харилцааг дүгнэх өргөжүүлэх, дэлхийн геополитикийн сорилт бэрхшээл, олон талт үзэл, энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцож, хэлэлцэх юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино айлчлалын талаар “Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийж байгаадаа баяртай байна. Монгол Улс, Европын Холбоо нь газар зүйн хувьд алслагдсан ч, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр нэгдмэл байж, зүрх сэтгэлээрээ ойр байдаг. ЕХ нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Би энэ үзэсгэлэнт орны талаар илүү ихийг олж мэдэх, ЕХ болон Монгол Улсын түншлэл, энхийг сахиулах тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, аюулгүй байдал, дэлхийн геополитикийн сорилтууд болон бүс нутгийн асуудлаар ярилцах болно.” хэмээв.
Монгол Улс болон Европын Холбоо анх 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш талууд олон төрлийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллаж ирсэн. Европын Холбоо нь 2017 онд Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээснээс хойш талуудын харилцаа хурдацтай өргөжин тэлж байна.
ЕХГХА нь дэлхий даяар энх тайван, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, Европын Холбооны ашиг сонирхлыг дэмжих зорилгоор ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын нийтлэг бодлогыг хэрэгжүүлдэг дипломат алба юм. Стефано Саннино нь ЕХГХА-ийн гадаад харилцаа, аюулгүй байдал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Европын Холбооны харьяа байгууллагууд болон гадаад орон дахь Төлөөлөгчийн газар, Европын Холбоонд хамаарах институт, гишүүн орнууд болон гуравдагч орнуудтай улс төрийн яриа хэлэлцээр хийх замаар гадаад бодлогын үр дүнтэй зохицуулалтыг ханган, стратегийн чиглэл өгч ажилладаг.
Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагдсан. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.