Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгожээ

/2023.07.03/: Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Төрийн банкны хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид, шүүгдэгч Ш.Батхүү, Э.Сүрэн, Ч.Ганзориг, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Амарбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Ш.Батхүүг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, хуурамч бичиг баримт үйлдэн, ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг албан тушаалаа ашиглан үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Улмаар Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар нийт 10 жил хорих ял оногдуулсан байна.

Ч.Ганзоригийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн, уг гэмт хэрэгт Б.Мөнхжаргалыг хамжсан гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд нь 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Э.Сүрэнг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэм буруутайд тус тус тооцож, 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, Ш.Батхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхээс Г.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, мөн давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалд зохих өөрчлөлт орууллаа. Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгийг хураасан, буцаан олгосон зарим заалтыг хүчингүй болгох, зөвтгөн өөрчлөх шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: ШҮҮХ

ШУУД: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
ШУУД: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.