/2023.5.7/ Технологийн компаниуд шинээр бүтээж буй гар утас, ухаалаг төхөөрөмжүүдээ нээлт хийхээсээ
өмнө ихэд нууцалдаг.
Харин Google шинэ ухаалаг төхөөрөмжийнхөө зураг хөргийг олон нийтэд санаатай болон санамсаргүй байдлаар задалж(leak), худалдан авагчдын дунд элдэв таамаг, яриа гаргадгаараа алдартай.
Тэгвэл энэ удаад Pixel Fold нэртэй эвхэгддэг гар утасны тухай элдэв таамаг, цуу яриаг эцэс болгож, ирэх долоо хоногт зохиогдох Google I/O 2023 арга хэмжээн дээр шинэ гар утсаа олонд танилцуулна гэдгээ мэдээллээ.
Уг гар утасны үзүүлэлтүүдийг нийтэд мэдээлээгүй ч сурталчилгааны богино бичлэг цацсанаас үзвэл
Samsung Galaxy Z Fold утастай тун төстэй дэлгэгдэж томордог дэлгэцтэй гар утас байх нь тодорхой
байна.
Бусад Pixel утаснуудын адилаар камер нь утасныхаа ард хөндлөн хэлбэрээр байрлаж байгаа
харагдаж байгаа ч утасны их биеэс товойж гараагүй байгаа нь энэ удаагийн бичлэг болон өмнө нь
олон нийтэд задарч байсан зураг бичлэгээс харагдаж байсан юм.
Өнгөрсөн 4-р сард CNBC мэдээлэхдээ Pixel Fold утас нь эвхсэн үедээ 5,8 инч хэмжээтэй, дэлгэгдээд
7,6 инчийн хэмжээтэй таблет болдог, Google Tensor G2 процессороор тоноглогдсон, 283 гр орчим
жинтэйн дээр энэ төрлийн дэлгэгддэг гар утсанд зориулж бүтээсэн хамгийн бат бөх уян нугастай
бүтээгдэж байгаа гэжээ.
Таамаглагдаж байгаа үнэ нь одоогоор 1700 орчим ам.доллар байх болов уу гэж яригдаж байгаа бөгөөд гол өрсөлдөгч Samsung Galaxy Z Fold 4 загвар өнөөдрийн байдлаар 1799 ам.доллараар зарагдаж байна.
Угтаа бол энэ гар утсыг өнгөрсөн жилийн Google I/O 2022 арга хэмжээний үеэр танилцуулагдах
байх гэсэн яриа олны дунд дэгдээд байсан ч энэ нь талаар болж, хэсэг хугацаанд Pixel Fold-ын
тухай яриа намжаад байлаа.
Харин энэ хугацаанд Google-ийн зүгээс Андройд системийн хөгжүүлэгчдэд зориулан, дэлгэгддэг гар утас болон ирэх долоо хоногт нээлтээ хийх байх хэмээн хүлээгдэж буй Pixel Tablet-ийн орчинд аппликэйшнүүдээ хэрхэн алдаа мадаггүй ажиллуулах талаар сургалт, зөвөлгөө хангалттай өгчээ. Энэхүү таблет нь одоогийн байдлаар зураг бичлэгээс өөр мэдээлэл нь олон нийтэд ил болоогүй байгаа юм.
Мөн ирэх долоо хоногт зохиогдох Google I/O 2023-н үеэр Pixel 7 гар утасны арай хямд хувилбар
Pixel 7A нээлтээ хийх байх гэсэн мэдээллүүд олонтаа гарах болсон. Энэ талаар хамгийн анх шинэ
технологийн талаар мэдээ оруулдаг Вьетнамын Zing News сайт мэдээлсэн байна.
Google Store дээр 5-р сарын 10-ны нээлтийн дараа эдгээр төхөөрөмжийн талаар илүү дэлгэрэнгүй
мэдээлэл авахыг хүссэн хүмүүст зориулсан бүртгэлийн хуудас ажиллуулж эхэлснийг энд мөн
дурдах нь зүйтэй болов уу.
Эх сурвалж: https://www.theverge.com